М туслах
Бизнес загвараа хэрхэн зөв тодорхойлох вэ?
Бизнес
2024.05.14
Профит нэвтрүүлгийн тус дугаарт оролцсон Ask-Y компанид тулгараад буй хамгийн том асуудал нь бизнес загвараа тодорхойлох байв. Хүн бүхний мэддэг мэт боловч тодорхойлж чаддаггүй зүйлсийн нэг бол яах аргагүй бизнес загвар.
The Profit / Ask Y бүтэн дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Бизнес загвар гэж ингэхэд юу билээ? Энэ талаар хүн бүр өөр ойлголттой байдаг бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байдаггүй аж. Менежментийн судлаач Жоан Магретта бизнес загварыг “Байгууллага хэрхэн ажилладаг түүх” хэмээн тодорхойлсон бол Питер Дракэр “Хэн танай хэрэглэгч вэ, хэрэглэгч юуг үнэ цэнтэй гэж үздэг вэ, та уг үнэ цэнийг хэрэглэгчид хэрхэн тохиромжтой зардал гарган хүргэдэг вэ?” гэх асуултуудын хариулт хэмээн тайлбарлажээ.
Зарим судлаачид бизнес загварыг агуулга талаас нь тодорхойлдог бөгөөд Харвардын Бизнесийн сургуулийн профессор Клэй Кристэнсэн бизнес загвар нь дараах 4 бүрдлээс бүрдсэн байх ёстой хэмээн дурджээ. Үүнд, хэрэглэгчид өгч буй үнэ цэнийн санал, ашигт ажиллагааны томъёо, гол нөөц болон гол процесс үе шат багтдаг байна.
Бүр энгийнээр тайлбарлавал бизнес загвар нь компани үйл ажиллагаагаараа хэрхэн ашиг орлого олохыг тодорхойлдог. Гарааны бизнесүүд ихэвчлэн хамгийн бага хөрөнгө оруулалтаар хурдан томрох боломжтой бизнес загвартай болохыг эрмэлздэг. Орчин үеийн гарааны бизнесүүд бизнес загвартаа тийм ч өндөр ач холбогдол өгөхгүй байгааг Профит нэвтрүүлгийн өмнөх дугааруудаас харж болно. Тэд “Хэрэгтэй юм хийж л байвал мөнгө орж ирнэ” гэсэн хандлага гаргаж байгаа нь анзаарагдсан биз ээ.
Бизнес загвараа оновчтой тодорхойлох нь "яг хэнд зориулж бүтээгдэхүүн хийх вэ?" гэдэг асуултад хариулт өгөх бөгөөд энэ нь компанид байгаа нөөц бололцоогоо цөөн, чухал асуудлууд руу төвлөрүүлэх боломжийг олгодог. Бизнес загвараа тодорхойлоогүй компаниуд хэнд зориулж бүтээгдэхүүн, шийдэл гаргаж байгаагаа нарийн тодорхойлоогүй байдаг учир бүх зүйл яаралтай, чухал санагдаж нөөцөө үр ашигтай зарцуулж чаддаггүй.
Тэгвэл бизнес загвараа тодорхойлох 4 шаттай танилцацгаая.
Хамгийн эхэнд хэний асуудлыг шийдэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй.
• Business to Business /B2B/ – Хувь хүн биш албан байгууллагын асуудлыг шийдэж байгаа бол уг төрлийн бизнесийг хийх гэж байгаа гэсэн үг. (Жишээ нь, Microsoft Teams, Slack)
• Business to Customer /B2C/ – Хувь хүнд зориулсан үйлчилгээ, бүтээгдэхүүн. (Жишээ нь, Netflix, Disney+)
• Customer to Customer /C2C/ – Уг төрлийн бизнес нь хэрэглэгчдийг хооронд нь холбоход чиглэсэн байдаг. (Жишээ нь, eBay, Uber)
Өрсөлдөгчдөө судлахгүйгээр зах зээлийг эзэлнэ гэж ярих нь утгагүй. Өрсөлдөгч компаниудын гол хэрэглэгчид хэн бэ, тэд орлогоо хэрхэн олж байна вэ, ямар үнэ цэнийг санал болгож байна вэ, таны бизнесээс ялгаатай болон ижил тал нь юу байна вэ гэдгийг сайтар судлаарай.
Бизнес загварын канвас нь бизнесийн бүх бүрдлүүдийг нэг дор том зургаар харах боломжийг олгодог. Загвар нь ихэвчлэн 9 хэсгээс бүрдэх бөгөөд дараах агуулгатай байдаг.
Дээрх алхмуудын дараа бизнес загвараа сонгоно. Интернэт бизнесүүдийн нийтлэг бизнес загваруудыг тайлбарлавал,
• One-time payment – Нэг удаагийн төлбөр буюу хамгийн энгийн загвар. Зүгээр л нэг удаа мөнгөө төлөн худалдан аваад л болчихно. Жишээ нь, дэлгүүрээс сүү авах.
• Freemium model – бүтээгдэхүүний суурь үйлдлүүдийг үнэгүй турших боломжтой бөгөөд чухал хэрэгтэй функцүүд нь төлбөртэй байдаг. Жишээ нь, Spotify, Canva, Linked In-г дурдаж болно.
• SaaS model – Программ хангамжийн хувьд ихэвчлэн яригддаг бөгөөд Slack, Microsoft office зэрэг бүтээгдэхүүн багтдаг. Энгийнээр бүтээгдэхүүн худалдаж авах ч уг бүтээгдэхүүн байнга сайжирч, ямар нэгэн асуудал гарвал худалдагч тал нь засаж өгдөг. Компаниуд уг үйлчилгээгээ лиценз байдлаар худалддаг.
• Subscription model – Үйлчилгээнд бүртгүүлэх бизнес загвар. Үйлчлүүлэгч сар бүр тогтмол төлбөр төлдөг. SaaS загвартай төстэй бөгөөд ихэвчлэн B2C зах зээлд өргөн хэрэглэгддэг. Жишээ нь, Netflix, Apple TV, Streaming services.
• Transactional – Ямар нэгэн гүйлгээ хийх үед худалдагч эсвэл худалдан авагч талаас шимтгэл авах бизнес загвар. Хэрэглэгчдийг холбох бизнест уг загвар ажиглагддаг. Хамгийн ойрын жишээ бол үл хөдлөх хөрөнгийн агентууд юм.
• Marketplace – Зах зээл үүсгэгч бизнесүүд өөрийн платформоор дамжуулан хэрэглэгчдэд худалдаа хийх боломжийг олгодог. Жишээ нь: Amazon, eBay.
• Ads – Сурталчилгааны бизнес загвар эрт дээр үеэс байсаар ирсэн. Хэрэглэгчид үнэгүй мэдээллийг санал болгох бөгөөд хариуд нь зар сурталчилгаа харуулдаг. Жишээ нь Youtube зэрэг түгээмэл бизнесийн загварууд бий.
Бизнес загвараа тодорхойлох нь таны бизнест юу чухал, чухал биш гэдгийг ойлгоход тун хэрэгтэй бөгөөд үүнийг тодорхойлохгүй удах нь компанийн хөгжил, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтийг удаашруулж байдаг.
Судалгаанаас харвал нийт гарааны бизнесийн 90% нь бүтэлгүйддэг ба 10% нь эхний жилдээ, 50% нь 5 жилийн дотор үгүй болдог байна. Бизнес загвараа оновчтой тодорхойлох нь үүнээс сэргийлэх хамгийн чухал алхам юм. Компани нь зүгээр л авч зарж байдаг байгууллага биш бөгөөд хэнд, юуг зарах, юу нь бусдаас өөр гэдгийг тодорхойлсон байдал нь хэрэглэгчид ямар үнэ цэнийг бүтээж байгааг харуулдаг учраас зөв бизнес загвараа сонгоорой.
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN