М туслах

Орлого олдоггүй бизнес модель хамгийн аюултай
Бизнес
2023.12.20
Аливаа бизнесийг амжилттай авч явахад зайлшгүй шаардлагатай зүйл бол оновчтой тодорхойлсон бизнесийн загвар байдаг. Харин үүнээс ч дутахааргүй нэгэн хүчин зүйл бол хэзээ, хэрхэн яаж бизнес загвараа өөрчилж, үйл ажиллагаагаа өөр чиглэлд хандуулах вэ гэдэг явдал юм. Тэгвэл яагаад, хэзээ, хэрхэн бизнестээ маневр хийх талаар авч үзье.
The Profit / MetaMori бүтэн дугаар үзэх
Домогт тамирчин Майк Тайсон “Нүүрэндээ нам цохиулах хүртлээ хүн бүр л өөрсдийн төлөвлөгөөтэй байдаг” хэмээн хэгжүүхэн ч тун оновчтой хэлсэн байдаг. Үнэхээр л төлөвлөж боломгүй тоо томшгүй хүчин зүйлсээс үүдэн бизнес загвар, стратеги, урт богино хугацааны төлөвлөгөөнүүд санаснаар биелэхгүй байх үе цөөнгүй.
Бизнест тань “хүчтэй цохилт” өгч мэдэх хүчин зүйлсийг жагсаавал улс орон, бүс нутаг, дэлхий дахины хямрал, технологийн дэвшил, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд гээд дурдаад дуусахгүй урт жагсаалт болно. Үүнээс гадна бизнесийн загвар тань таны бодсон шиг зорилтот зах зээлдээ хүрэхгүй байх, хүрч чадсан ч тэдний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байж болох тул тухайн нөхцөл байдлыг бизнестээ ашигтай байдлаар эргүүлэхийн тулд хэрэгтэй үедээ зөв маневр хийх нь тун чухал.
Дөнгөж эхэлж буй бизнесүүдийн хувьд маневр хийх чадваргүйгээр тэсэж үлдэх бараг л боломжгүй. Бүх л амжилттай яваа бизнесүүд түүхэн замналынхаа аль нэг үед амжилттай маневр хийж чадсан байдаг. “Doublemint”, “Juicy Fruit” болон “Spearmint” хэмээх алдартай бохинуудыг дэлхийн 180 гаруй оронд борлуулдаг Wrigley хэмээх компани нь анх саван болон хүнсний сод борлуулдаг жижиг компани байсан бөгөөд худалдан авалт хийсэн хүмүүстээ бохь үнэгүй бэлэглэдэг байжээ. Ингээд хэсэг хугацааны дараа тэдний үнэгүй тарааж байсан бохь нь гол бүтээгдэхүүнээсээ ч илүү эрэлттэй байгааг анзаарч бизнестээ маневр хийжээ. Ихэнх гарааны бизнесүүдийн хувьд бизнес загвараа тодорхой хэмжээнд өөрчлөх нь хэвийн үзэгдэл тул үүнийг хүлээн зөвшөөрч, эергээр харах хэрэгтэй.
Маневр хийх нь яг ид шид мэт гэнэт л таны бизнест тулгарч буй бүх асуудлыг нэг дор шийдчихгүй. Зөвхөн шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед л маневрлах нь хамгийн зөв шийдэл юм. Хэрэв доорх нөхцөл байдлын аль нэг үүссэн бол та бизнесээ маневрлах цаг үе болсны дохио гэж ойлгож болно.
1. Зах зээл хэт их өрсөлдөөнтэй байх үед
Жишээ нь, YouTube анх болзооны веб хуудас хөгжүүлж байсан ч хэсэг хугацааны дараа тус зах зээл нь хэтэрхий олон тоглогчтойг ухаарч, өөрийн онцгой бүтээгдэхүүнийг хөгжүүлж чадсан байдаг.
2. Зорилтот зах зээлээ буруу тодорхойлсон эсвэл тэдэнд хүрч чадахгүй байх үед
Facebook анх их сургуулийн оюутнуудыг зах зээлээ хэмээн харж байсан ч удалгүй нийт хүн ам руу чиглэн маневр хийж, хөгжлийн хамгийн оргил үедээ бусад бизнесийг ч хэрэглэгчээ болгож чаджээ.
3. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед
Цар тахлын эхэн үеийн хатуу хөл хорионы үеэр дуу, хөгжмийн цахим платформ Spotify хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөж байгааг овжин ашиглаж, өөрсдийн бизнес загварыг үүнтэй уялдуулан ухаалгаар өөрчилсөн. Ингэхдээ тэд “Подкаст” үйлчилгээг нэвтрүүлэн алдартнуудтай хамтран ажилласнаар оргил үедээ нэгж хувьцааны үнээ 2.5 дахин нэмэгдүүлж байсан билээ.
4. Бусад дохио
Бизнесийн өсөлт зогсонги байдалд орох
Бизнесийн зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ орлогын ихэнх хувийг бүрдүүлж буй тохиолдолд
Таны зах зээлийг харах өнцөг, үзэл бодол өөрчлөгдөх үед
Харин Монголд Metamori компани 2022 оноос хэрэгжиж эхлээд буй “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хүрээнд өмнө нь эхлүүлээд байсан NFT бизнесээ цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан тул маневр хийж “Play to Earn” бизнес загварыг сонгоход хүрчээ.
Хурдтай, тогтворгүй, байнгын өөрчлөгдөж байдаг зах зээлийн үед зөв маневр хийж эс чадваас өрсөлдөгчдийнхөө тоосонд дарагдан үлдэх магадлал тун өндөр. Тиймээс бизнесээ зөв чиглэлд эргүүлэхийн тулд тулах суурь сайтай багана хэрэгтэй. Харин тэр баганаа хэрхэн олох вэ?
Сагсан бөмбөгийн тамирчид дээр жишээ авч үзье. Тэд бөмбөгөө залаад өрсөлдөгч багийн цагираганд оруулж оноо авахаар довтолж байна. Өрсөлдөгч багийн чадварлаг хамгаалагч ойртон ирж түүний бүх зайг хаах үед тэрээр чиглэлээ зайлшгүй өөрчлөх шаардлага гарлаа гэж төсөөлье. Нэг хөлөөрөө газарт баттай гэгч нь гишгээд эргэх эсвэл бөмбөгөө дамжуулах үйлдэл хийж болно. Энэ үйлдэл нь тодорхой хэмжээнд түүнийг хурдаа сааруулж, багийн бусад тоглогчид, өрсөлдөгчдийн байрлалыг ажиглахад хүргэх болно. Өөрөөр хэлбэл та бизнестээ маневр хийхээс урьтан тухайн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар дүгнэх, нийтлэг трендийг ажиглах шаардлагатай гэсэн үг юм.
Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч, хааш маневр хийх чиглэлээ тодорхой болгосон үедээ нэг хөл дээрээ баттай зогсож байгаад эргэх хэрэгтэй. Хэрэв та бизнестээ маневр хийхээр шийдсэн бол доорх тулгуур цэгүүдийн нэгийг ашиглаж болох юм.
1. Тогтвортой үнэ цэн
Чанарыг эрхэм болгодог байгууллагуудын хувьд энэ нь тун чухал бөгөөд харилцагчид, үйлчлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдал үүсгэхгүй байхад туслана. Жишээ нь, хувцас загварын алдартай брэнд Patagonia замналынхаа туршид олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгож байсан ч тэдний “байгаль дэлхийг хайрлах, ээлтэй байх” гэдэг үнэ цэн нь нэг ч өөрчлөгдөж байгаагүй юм. Ийнхүү тогтвортой үнэ цэнийг баримталснаараа хэрэглэгчдийн тэднээс хүлээх хүлээлт нэгэн хэвийн байж аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн үед хэрэглэгчдийн тоогоо тогтмол барьж чадаж байжээ.
2. Тогтвортой бизнесийн зарчим
Тогтвортой үнэ цэнтэй адилаар бизнесийн үнэ цэнээ илэрхийлэх зарчмууд нь тогтвортой байснаар байгууллагууд ямар ч өөрчлөлтийг амжилттай даван туулж чаддаг байна. Тухайлбал, дэлхийн томоохон хөрөнгө оруулалт, удирдлагын фирм болох Vanguard нь “хөрөнгө оруулагчид нэн тэргүүнд зардлыг хамгийн боломжит бага түвшинд байлгах, урт хугацааны өгөөжид төвлөрөх” гэсэн бизнесийн зарчмыг тогтвортой баримталснаараа блокчэйн болон бусад санхүүгийн технологийн шилжилтүүдийг амжилттай хийж чаджээ.
3. Зорилтот зах зээлийн бүлэг болоод тэдэнд тулгамдаж буй асуудлууд
Дээр дурдсан Facebook-ийн жишээтэй адилаар дийлэнх гарааны бизнесүүд эхлээд хэрэглэгчдээ татаад дараа нь бизнестээ амжилттай маневр хийж чадсан байдаг. Жишээ нь, Slack хэмээх байгууллагын дотоод харилцаа холбооны хэрэгсэл борлуулдаг компани анх TinySpec хэмээх тоглоом хөгжүүлдэг компани байв. Харин хэсэг хугацааны дараагаар тэдний дотоод хэрэгцээндээ ашигладаг харилцаа холбооны хэрэгсэл нь олон байгууллагын асуудлыг шийдэх боломжтойг ухаарч одоогийн $26.5 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Slack хэмээх бүтээгдэхүүн дээрээ төвлөрөхөөр маневр хийж байжээ.
Metamori-ийн хувьд тэд өөрсдийн NFT төсөлтэй уялдуулан хөгжүүлээд байсан тоглоом дээрээ түшиглэн бизнес үйлчилгээний чиглэлээ эргүүлсэн бөгөөд энэ нь тэдний бизнес харилцагчдын хувьд шинэ үйлчлүүлэгч татах, нэгэнт татсан үйлчлүүлэгчээ тогтоон барихад туслах шийдэл болсон юм.
Эцэст нь хэлэхэд та өөрийн бизнесийг хэдий сайн загвар, стратегитэй гэж бодож болох ч, цаг үеийн нөхцөл байдал үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ сорилтууд гарч ирсээр байдаг тул үргэлж шинэчлэн өөрчлөгдөж байх нь чухал гэдгийг бүү мартаарай. Харин өөрчлөлт хийх үедээ өөрийн бизнесийн алтан гадсыг түрүүлж олж мэдэх зайлшгүй шаардлагатай бөгөөд ингэснээр төгсгөлгүй үргэлжлэх шуурган дунд төөрөлгүй, зорьсон зорилгодоо хүрч чадна.
Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN